Sunday, March 8, 2009

За сайн байцгаана уу?

Блогдоо бичлэг оруулаагүй удсандаа хүлцэл өчье.
Шатрын тухайд маш их эргэлзээтэй бодолтой болчихсон байсан тул юун блог хөтлөхтэй манатай л байлаа. Бараг л шатар гэдэг юмыг мартдаг ч юм уу гэж бодож байсан. Харамсалтай нь мартаж чадахгүй юм шиг байна.

За тэгээд будилж явах хооронд маань шатрын ертөнцөд олон шинэ сонин явдал болжээ.
- Дэлхийн шатрын аваргын титмийн төлөөх тулаан болоод шинэхэн Ананд маань аварга хэвээрээ нэр төртэй үлдэх болчихож.
- ФИДЕ-гийн ерөнхийлөгч Монголд морилоод амжчихаж.
- Дэлхийн аваргатай тоглох эрхийн төлөө В.Топалов - Г.Камский нар тоглоод Топалов ялалт байгуулчихаж...

Monday, October 27, 2008

Ананд - Крамник 2008

Янзтай гоё! Одоогийн байдлаар халз тулааны онооны харьцаа доорх байдалтай байна. Крамник 2 дараалан хожиж чадах болов уу? Лекотой тоглохдоо хожигдож яваад сүүлийн өрөг дээр хожоод аварга цолоо хамгаалж байсан удаа бий.
Гэхдээ Ананд түрүүлчихээсэй.
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
 
Anand
½
½
1
½
1
1
½
½
½
0
 
6.0
Kramnik
½
½
0
½
0
0
½
½
½
1
  
4.0

Monday, September 29, 2008

Дэлхийн аваргын халз тулаан дахь сул оноо

Нийтдээ 2 удаагийн сонирхолтой тохиолдол шатрын түүхэнд тэмдэглэн үлджээ.

1972 онд Рейкъявик хотноо болсон Спасский - Фишер хоёрын дэлхийн аварга шалгаруулах халз тэмцээний хоёр дахь өрөгт Спасскийгээс аваргын титмийг нь булаах зорилготой тоглож байгаа Фишер тоглолтонд ирээгүйн улмаас Спасский нэг оноог тоглолгүйгээр авчээ.

Энэ нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн хувьд тоглолгүйгээр оноо авсан анхны тохиолдол юм. Дэлхийн аварга болохоор тэмцэлдэж байхдаа өрсөлдөгчдөө нэг оноог зүгээр өгчихнө гэдэг бол нэг бол ихээхэн хариуцлагагүй алхам. Нөгөө бол нэлээн бардам байгаа явдал юм.

Фишерийн хувьд тэр халз тулаанд өрсөлдөгчөө ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Эхний өрөгтөө хожигдсон боловч хоёр дахь өрөгтөө дахиад нэг оноо зүгээр алдаж байдаг нь өөртөө итгэлтэй байсных нь илрэл болов уу? Нөгөө талаас эхний өргөө хожигдчихсоноос болоод дараагийн өрөгтөө сэтгэл нь хямраад нэг сайн амраад авъя ч гэж бодсон байж магадгүй.

Дараагийн нэг тохиолдол нь саяхны тохиолдол бөгөөд 2006 оны Крамник - Топалов хоёрын дэлхийн үнэмлэхүй аваргын титмийн төлөөх халз тулаан юм. Халз тулааны үеээр болсон маргааны улмаас Крамник эсэргүүцлээ илэрхийлж 5-р өрөг дээр цагаанаар тоглох байсан боловч тоглолгүй нэг оноо өрсөлдөгчдөө "бэлэглэжээ". Гэхдээ энэ удаагийн сул өгсөн нэг оноо нь Спасский-Фишер хоёрын халз тулааныхаас ялгаатай нь тэр нэг оноог өрсөлдөгчид нь өгөх үү яах уу гэж нэлээн асуудал болж байж өгсөн байна.

Сонирхолтой нь дэлхийн аварыг титмийн төлөөх халз тулааны үеээр үнэт "нэг оноо"-гоо бэлэглэсэн шатарчид маань 2-уулаа тухайн тулаандаа ялалт байгуулсан байх юм.

Tuesday, September 16, 2008

Шатрын тэмдэглэгээ

Шатрын хөлөг дээрх байрлал нүүдлийг тэмдэглэж байгаа тэмдэглэгээг шатрын тэмдэглэгээ гэх болов уу?
Шатрын тэмдэглэгээг ер нь дажгүй гадарлачихдаг гэж бодоод яваад байсан чинь мэдэхгүй юм зөндөө байна. Нэг Англи ном харсан чинь тэмдэглэгээ нь их хачин юм байна. Шатрын хуучин тэмдэглэгээ юм байх аа.

1. Алгебр тэмдэглэгээ
  Хамгийн түгээмэл байдаг тэмдэглэгээ ямар ч гэсэн Монгол болон Орос хэл дээрх шатрын номнууд 100% энэ тэмдэглэгээгээр явдаг. Дүрснүүдийг нэрлэж байгаа нь жаахан Орос хэл үү Монгол хэл үү гэдгээс хамаараад жаахан ялгаатай.
2. Хуучин тэмдэглэгээ, Англи тэмдэглэгээ ч гэдэг.
  Мэдэхээр АНУ-н зарим номнууд ийм тэмдэглэгээтэй байдаг. Ойлгоход түвэгтэй юм билээ. Ямар ч гэсэн Фишер насан туршдаа энэ тэмдэглэгээгээр өргүүдээ тэмдэглэдэг байсан гэсэн.
3. Координатын тэмдэглэгээ - Шатрын програмуудад голчлон хэрэглэгдэнэ.
  Урт алгебр тэмдэглэгээнээс дүрсийнх нь тэмдэглэгээг хасаад л болно гэсэн үг. Компьютерын орчинд их хэрэглэгдэнэ.

Тэмдэглэгээнүүд:
 Богино Алгебр    Урт алгебр        Хуучин          Координатын
1. e4 e5 1. e2-e4 e7-e5 1. P-K4 P-K4 1. E2-E4 E7-E5
2. Nf3 Nc6 2. Ng1-f3 Nb8-c6 2. N-KB3 N-QB3 2. G1-F3 B8-C6
3. Bb5 a6 3. Bf1-b5 a7-a6 3. B-N5 P-QR3 3. F1-B5 A7-A6
4. Bxc6 dxc6 4. Bb5xc6 d7xc6 4. BxN QPxB 4. B5-C6 D7-C6
5. d3 Bb4+ 5. d2-d3 Bf8-b4+ 5. P-Q3 B-N5ch 5. D2-D3 F8-B4
6. Nc3 Nf6 6. Nb1-c3 Ng8-f6 6. N-B3 N-B3 6. B1-C3 G8-F6
7. O-O Bxc3 7. O-O Bb4xc3 7. O-O BxN 7. E1-G1 B4-C3

Дүрснүүдийн нэрний үсгэн тэмдэглэгээ:
  Монгол  |  Орос      | Англи
-----------------------------------
Н - Ноён | Кр- Король | K - King
Б - Бэрс | Ф - Ферзь | Q - Queen
Тр- Тэрэг | Л - Ладъя | R - Rook
Т - Тэмээ | С - Слон | B - Bishop
М - Морь | К - Конь | N - Knight
Х - Хүү | П - Пешка | P - Pawn

Шинэ болоод хуучин тэмдэглэгээний ялгаа хөлгийн буудлуудын нэршлийн ялгаа:

Monday, September 15, 2008

Chess Puzzle - 2

Залуу аварга Гүндаваагийн өнгөрсөн жилийн өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээн дээр тоглосон өргөөс. Энэ тэмцээн нь түүний сүүлчийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээн байсан юм. Учир нь одоо 18 хүрчихсэн том ах болохоор өсвөрийн шатарчдын тэмцээнд оролцохгүй л дээ :)


WORLD YOUTH CHAMPIONSHIP 2007
(18 хүртэлх нас, эрэгтэй), 2007-11-17 (5-р тойрог)
Gundavaa, Bayarsaihan - Malmi, Eric


(1-0)

Цагаанаар тоглож байгаа Гүндаваа 2 нүүдэл хийгээд өрсөлдөгчөө буулган авчээ. Та тэр 2 нүүдлийг нь олно уу?

Thursday, September 11, 2008

Бодлогын хариу

Блог дээр урьд нь энд нэг бодлого дэвшүүлж байсан. Хариуг нь одоо хэлье.

1.g7-g8 хүү гаргана. Тэгээд л жид буюу тэнцээ :)

Дүрмийн бус нүүдэл хийсэнд дургүйцэж байна уу? Уучлаарай гэхдээ манай оронд болж байгаа нэлээн хэдэн тэмцээнд ийм хүү ("улаан хүү", "модон хүү", "мөнхийн хүү" ч гэж нэрлэдэг) гаргаж байхыг өөрийн нүдээрээ харсан гэдгээ хэлье.
Бага байхад хааяа өсвөрийн шатарчдын тэмцээн дээр хүүхдүүд нэг нэгнийхээ хүүг шууд 8-р шугаманд тавьж нүүсэн тохиолдолд ХҮҮ гарсан гэж гүрийгээд бэрс болгох санаатай тавьсаныг нь хэрэгсэхгүй болгодог байж билээ. Нэг удаагийн миний оролцож байсан тэмцээний манай яг насны ангилалд хоёр хүүхэд яг энэ хүү гаргадаг асуудлаас болж маргаж тэгээд хор шарандаа уйлалцаж байсныг лав санадаг юм. Тэгэхэд л "хүү гарах" ашигтай байж болох болов уу гэж тэмцээний турш бодогдоод болдоггүй. Тэгээд тэмцээний дараахан нэг өдөр ерөөсөө тийм нэг бодлого зохиох гээд үзье гэж оролдоод энэ "бодлогыг" зохиосон л доо. Композицын шалгуурын хувьд тааруухан бодлого ч гэсэн санаа нь хөөрхөн шүү. Бодлого гэнэ шүү гээд шоолоод байв даа :)

Нэлээн хэдэн тэмцээн дээр хүү гарсан гэж тооцож байхыг харж байсан ч энэ хавар УБ-д болсон нэг томхон тэмцээний үеэр бас алдарт "хүү гаргадаг" маргаан маань дэгдвээ. Энэ удаад харин хүү гаргахыг тооцсонгүй. "Ахиц!" гэж мундаг дүгнэлт хийв. Ер нь бол "ФИДЕ-гийн дүрмэнд 8-р шугаманд хүрсэн хүү: бэрс, тэрэг, тэмээ, морь эдгээр дүрсийн аль нэг нь болох ёстой." дүрсүүдийг нь нэрлээд заачихсан байдаг юм билээ. Магадгүй "8-р шугаманд хүрсэн хүү ноёноос өөр өөрийн талын өнгийн дүрс болох боломжтой" гээд заачихсан бол "уучлаарай би хүү хэвээрээ баймаар байна" гээд хүү гаргаж бас болох юм. Ер нь Монголд болж байгаа тэмцээний үеэр дүрмийн маргаан гарчих гээд хэцүү байдаг шүү.

За төгсгөлд нь бодлогын хариутай холбоотой нэг юм хэлэхэд g7 буудал дээрх хүү маань сүүлийн нүүдлээ хийхийн өмнө ноёндоо юу гэж хэлсэн гээч:
"Холыг хол гэлгүй зорьж.
Бэрхийг бэрх гэлгүй сөрж энэ хүрлээ.
Төр улсдаа дуулгавартай зүтгэдэг ч
Төөрөг тавилан таарвал
Хүчирхэг бэрс болчих хүслэн
Хүү бүрийн дотор байдаг билээ.
Цаг төр ийм байхад төрсөн биеийн хүслийг умартая.
Цагаан талынхаа аврагдлын төлөө энэ хэвээрээ үлдэе."
Тэгээд мань хүү тэгэж хэлээд урагшаа нэг алхаад "мөнхийн хүү" болон үлдэж өөрийн хаант улсаа ялагдлаас аварсан ийм нэгэн домог оршвой :)
(Энэ үед 64 нүдтэй хээр талд уртын дуу эгшиглэж, морь янцгааж, тэрэгны мөөр чихран, бэрс архиран, ноён хүн санаа алдан энх тайван тогтвой...)
:-) :-) :-)

Бяцхан тайлбар

Одооноос блогоо жаахан эрчимтэй хөтөлнө өө. Блогийн нэрээ "Шатрын блог" байсныг "Chess Entertainment" болгож өөрчлөв. Тэгэхлээр ямархуу чиглэлээр бичих нь бараг ойлгомжтой байх.

Дээхнэ үеийн шатарчдын дунд Доктор хэмээн хүндлэгдсэн Тартаковер гуайн "Клуб бол шатрын нян түгээх албан ёсны газар" гэсэн үг байдаг. Блогоороо дамжуулан шатрын нян түгээе гэсэн бодолтой байна даа :)