Saturday, July 19, 2008

Ананд - Крамник 2008

Энэ халз тулаан их анхаарал татаад байгаа юм.

Хэдийгээр Ананд одоогоор албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн маргашгүй дэлхийн аварга ч гэсэн аварга цолоо халз тулаанаар биш тойргийн системтэй тэмцээнд түрүүлж авсан. Мөн тэр тэмцээндээ түрүүлэхдээ дээгүүр байр эзэлсэн хүмүүстэй нь хожилцолгүй тэнцээ хийгээд жагсаалтын хүснэгтэд доогуур жагссан шатарчидтай чангахан тоглоод түрүүлчихсэн болохоор дэлхийн аварга цолыг жаахан хүндгүй авчихсан гэж санагддаг юм.

Хэрвээ тэмцээн дээр таарсан нэг өрөгтөө Крамникийг хожчихсон бол бардам байхгүй юу. Үүнтэй олон хүн нийлэх байх. Гэхдээ ийм юм болоогүй л дээ.

Анх Ананд тойргийн тэмцээнд түрүүлээд дэлхийн аварга болчихлоо гэхээр нь гайхаж л байлаа. Жилд хэд хэд болдог том их мастеруудын тэмцээнээс ер нь бол ялгагдахааргүй л тэмцээн гэж хальт бодсон. Гэхдээ шатрын ертөнц дэхь дэлхийн аварга цолны маргаан энэ тэмцээнээр л нэг мөр болон цэгцрэнэ гэж аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн болохоор яая гэхэв. Жинхэнэ хүлээн зөвшөөрөгдөл гэдэг зүйл хүлээгдэж байгаа болов уу?

Крамник тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа:
"Би дэлхийн аварга цолыг Анандад нэг жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн юм. Учраа маань (Ананд) өөртэйгээ ойролцоох шатарчидтай тэнцээ хийчихээд сулхан шатарчидтай хатуухан тоглохоо мэдэх туршлагатай хүн л дээ." хэмээн өгүүлсэн байдаг. Нэг жил зээлдүүлсэн эсэхийг нь намар л харъя.

Ананд бол олон жил тэргүүн шатарчдын эгнээнд явж дэлхийн аваргын учраа хүртэл болж байсан болон ФИДЕ-н дэлхийн аварга ч болж байсан болохоор ч тэр үү шатарчид, сонирхогчид дундаа маш их нэр хүндтэй. Мөн Ази тивийнхний дэлхийн аварга шатарчинтай болох гэсэн мөрөөдлийг биелүүлж өгсөн гавъяатан. Гэхдээ дэлхийн аварга хэмээн өрсөлдөгчиддөө хүртэл хүлээн зөвшөөрөгдөх нь энэ халз тулаанаар шийдвэрлэгдэх болов уу?

Крамник хэрвээ ялбал шатрын ертөнцөд өөрийнхөө ноёрхолыг дуусаагүй, дуусах болоогүй байгааг илтгэнэ. Харин Ананд ялбал дэлхийн аварга цолоо бардам эзэмших эрхтэй болно. Иймээс хэн хэн нь байдаг хүчээ дайчлах нь тодорхой. Тэр хэрээрээ сонирхолтой тулаан болно доо...

1989-2008 оны хооронд тоглосон тооны харьцааны хувьд Ананд 4 хожиж Крамник 6 удаа хожсон ба 41 удаа тэнцсэн байх юм. Онцлог нь Крамник 6 удаагийн хожлоо дандаа цагаанаас авсан бол Ананд хар цагаанаас хоёр хоёр удаа авсан юм байна. Тэгэхлээр энэ онооны харьцаанаас дүгнэж үзвэл Анандын хувьд хараас тэнцээгээ бариад явах юм бол Крамник хараас хожил авах талаар тааруухан байх учраас ялахгүй ч гэсэн ялагдахгүй гэсэн үг.

Аль нь ялахыг цаг хугацаа л харуулж дээ.

Thursday, July 17, 2008

Рейтингийн жагсаалт гарчээ.

Монголын шатарчдын рейтингийн жагсаалт жилд хоёр удаа буюу 1 ба 7-р сард гардаг. 7-р сарын жагсаалт нь гарчихсан байна. Жич: Миний рейтинг жаахан буурчихсан байна лээ. :P

http://www.mongolchess.com - оор орж pdf-ээр татаж үзээрэй.

Saturday, July 5, 2008

Chess Puzzle - 1

Монголын шатарчдынхдаа уран бүтээлийг таниулан сурталчлах үүднээс уран нүүдлүүдээс нь боломжоороо блогтоо оруулж байх болно оо.
Энэ удаад Мягмарсүрэн гуайн тоглосон өргөөс нэгийг сонирхуулъя. Цагааны хожлын нүүдлийг олно. Бодож олбол хариугаа шууд хөлөг дээр нь хөдөлгөж үзээд шалгачихаарай. Автоматаар шалгана.

Wednesday, July 2, 2008

Шатарт ийм л байдаг

Аяа анд минь амьдралыг шатартай адилхан л гэх юм
Амьдралыг сайн мэдэхгүй л дээ.
Шатарт лав ийм байдаг.
Шалгарж тунасан хууль нь ийм байдаг.

Хар цагааны арми хамтаар оршин ахуй ч
Хараас илүү боломж цагаанд ямагт буй
Хар тал ялах өрөг байдаг боловч
Хувь заяагаар бол цагааны заяагдсан нь илүү

Зөв цагтаа зөв байж зөв нүүж чадвал
Зөв өрөг бол цагаан талын давуу хэзээд байдаг юм!

Цагаан тал давуу эхэлдэг гэж
Цахилж бужигнаж гүйвэл
Давуу тал чинь хоромхон зуур үгүй болно
Дараа нь яагаад ч засаж болдоггүй юм.

Шатраас бусдыг сайн мэдэхгүй ч
Шатарт лав ийм л байдаг юм
Сайн сайхны төлөө зорьж буй
Санааны чинь өнгийг цагаан гэж бодож хэллээ шүү...

Tuesday, July 1, 2008

Цагаан эхлээд тэнцэнэ

Багадаа зохиож байсан нэг зүйлийг нийтлэе гэж бодлоо. Цагаан эхлээд тэнцэнэ.

Хариуг нь сүүлд хэлэх болно.

Шатрын блог нээлээ

1. Шатрыг хааяа мартчих гээд байх юм. Олон янзын юм сонирхож заримд нь шамдаж явахдаа шатрын тухай бодохгүй өнгөрөх өдөр олон байх юм. Одооноос эхлээд шатрыг мартчихгүйхэн шиг ахиу хэд хоног шамдая даа. Тэгэж бодоод блог нээлээ.

2. Монголд шатар сүрхий хөгжхийн тулд шатрын хэвлэл болоод Монгол хэл дээрээ унших хэлэлцэх зүйл их хэрэгтэй байх гэж боддог юм. Боломжоороо ганц нэг хүнд хэрэгтэй юм блог дээрээ бичих бодолтой байна. Жич: Хамт хөтлөх хүн байвал дуртайяа зөвшөөрнө.